Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/03/17

Бүжигчний хоолны дэглэм- Зөвлөгөө

Бүжгээр хичээллэж буй хэн боловч зохистой хооллох хэрэгтэй байдаг. Хоол хүнсээр дамжуулан биедээ хэрэгтэй “шатахуун”-ыг авч байвал бүжгийн хурд хүч ч мэдэгдэхүйц сайжирдаг ажээ. “Бүжигчний хоолны дэглэм”-д баримтлах хамгийн чухал зарчим нь нүүрс ус, уураг, өөх тосны хэмжээг зөв тэнцүүлж, витамин болон амин дэмүүд хэрэглэж, хангалттай шингэн нөхөж байх явдал юм.
  • Нүүрс ус:

Бүжгээр хичээллэж байгаа хүний хоол хүнсний нийт агууламжийн 50-65%-ийг нүүрс ус эзэлж байх ёстой.

Нүүрс усаар баялаг хүнс: үр тариа /эрдэнэ шиш, будаа гэх мэт/, гоймон, талх, төмс

  • Уураг

Булчингийн хэмжээ нэмэгдэхэд уураг хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс хоолны агууламжийн 12-15%-ийг уураг эзэлбэл хамгийн зөв харьцаа болдог.

Уургаар баялаг хүнс: өөхгүй мах, тахианы мах, төрөл бүрийн шош, буурцаг, дүүпүү

  • Өөх тос

Маш олон бүжигчин жин нэмэхээс айж өөх тосноос татгалздаг. Гэвч өөх тос дутсанаар хүний хурд хүч буурч, засч болшгүй өвчин эмгэгийн шалтгаан болох нь бий. Тиймээс хоолны агууламжийн 20-30%-ийг өөх тос эзэлж байх ёстой.

Анхаарах зүйл: Ханасан өөх тос багатай буюу авокадо, самар, далайн гаралтай хоол хүнс идэж, өөх тосны хэрэгцээгээ хангавал сайн.

  • Витамин буюу амин дэмүүд

Амин дэмүүд нь энергийн эх үүсвэр болж, эсийн нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биед хэрэгцээтэй витамин болон амин дэмүүдийг олж авахын тулд бүжигчин хүн өдөртөө 5аас доошгүй жимс идэж, хоолондоо хөх тарианы талх болон үр тариаг байнга хэрэглэх нь зүйтэй. Монголын нөхцөлд сайн чанарын жимс, үр тариа олдоход бэрхшээлтэй тул олон төрлийн витаминыг тунгаар нь эмийн сангаас авч уувал дээр болов уу. Учир нь манайд ихэнх жимс ногоо гаднаас экспортоор орж ирдэг, элдэв химийн бодисоор бордоогүй байгалийн гаралтай жимс ногоо мөн эсэхэд эргэлзээтэй байдаг.

  • Шингэн

Биеийн темпратурыг тогтмол байлгах, бодисын солилцоо, давс болон хүчлийн тэнцвэрийг хэвийн байлгах, биеэс хорт бодисыг зайлуулахад УС хамгийн чухал. Бүжиглэх үед хүний биеийн халуун нэмэгдэж, халууныг бууруулах шаардлагаар хөлс ихээр ялгардаг. Тиймээс бүжигчин хүн хөлсөөрөө маш их шингэн алддаг тул бүжиглэхээсээ өмнө, мөн дасгалын дундуур болон дараа маш бага хэмжээтэй зэрэг УС уух хэрэгтэй.




No comments:

Post a Comment