Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/17

Аргентин танго

tango«Алжаалсан наран», «Кумпарсита», «Хөх рапсоди», «Хардалт» - энэ, нэг бол гуниг дүүрэн, нөгөө бол тачъяадал халин асгарах тангоны аялгуу хэний ч сэтгэлийг тайван үлдээдэггүй билээ. Танго бол тачаангуйн бүжиг, тэмцэл, хайр дурлал, өшөө хорсол, үзэн ядалт, түүгээр ч үл барам үхэл сөнөлийг бүгдийг өөртөө багтаасан бүжиг юм.
Танго бүжгийн гарал үүслийн тухай хэдэн төрлийн онол - таамаг байдаг. Анхлан ийм төрлийн бүжгийг тухайн үедээ жижигхэн тосгон байсан Буэнос-Айресын зугаа цэнгээний газруудад бүжиглэж эхэлжээ. Тус тосгоны орчмын гаучонууд (малчид, тариачид) зугаа цэнгэл хөөж Буэнос - Айрес орж ирэхдээ ордог гол газар нь хөлсний хүүхний (бордель) газар байв. Энд бас бүжиг бүжиглэдэг байж. Гуачо нар хувцсаа болон биеээ угаадаггүй байсан болохоор хир даахинд баригдан өвдөг гарсан хатуу өмдтэй бүжиглэдэг байжээ. Энэ нь өвдгөө нугалсан байдалтай бүжиглэхэд хүргэдэг байж. Мөн тэдний үнэр танар гэж авах юмгүй байсан тул эмэгтэйчүүд партнераасаа толгойгоо аль болох холдуулан дайжуулж бүжиглэхээс өөр аргагүй байсан байна. Эмэгтэйн зүүн гар нь эрэгтэйн ташаа орчим байрладаг байсан нь мөнгөтэй халаасанд хамгийн ойр байх, хэдэн “бор юм“ суйлах боломж ажээ. Бүжиглэх зай талбай бага байсны улмаас ширээнүүдийн зай завсраар манервлан бүжиглэдэг байлаа..
Ийнхүү 19 дүгээр зууны дунд үед аргентины танго бүжгийн үндсэн хөдөлгөөн – алхамууд (па) үүссэн түүхтэй гэнэ. Энэ бүжиг ядуу хорооллынхны, аз жаргал хайж дэвэн дэлхийгээс Аргентинд ирсэн цагаачдын бүжиг байв. Тиймээс танго бүжгийн эхлэлийн үе шатны хөгжлийг хөөн тодорхойлоход ихээхэн хүндрэлтэй. Яагаад гэвэл, энэ хүмүүс ямар нэгэн бичиг, тэмдэглэл огт үлдээсэнгүй нь бичиг үсэг мэддэггүйгээс шалтгаалсан байж болох юм. Харин Аргентины боловсролтой давхарга хар давхаргын зугаа цэнгэлийг огт ойшоохгүй шоолдог, нэг нүдээрээ ч үздэггүй байсан ажгуу. Бүжгийн аялгуу нь испан фламенко, аргентин милонги, польш мазурка, Хаван хабанера, герман вальс зэргийн холимог маягаар үүссэн байна. Хөгжмийн оркестр нь голдуу аккордеоны нэг төрөл болох бандонеон, гитар, төгөлдөр хуур, контрбасаас бүрддэг байжээ. Сүүлд энэ жагсаалтад хийл, лимбэ нэмэгдсэн аж.

19 дүгээр зуунд Аргентинд тухайн үеийн нүүдэл, шилжилтийн онцлог байдлаас шалтгаалж эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хавьгүй олон байжээ. Тиймээс зугаа цэнгэний газрын хүүхний төлөө ч бай, байнгын найз хүүхний төлөө ч бай – цаг үргэлж хурц тэмцэл, өрсөлдөөн болдог байв.
Хөлсний хүүхэн ээлжит партнераасаа сулрахыг хүлээнгээ эрчүүд хоорондоо бүжиглэн, бүжгийн эвсэл ур чадвараа дээшлүүлдэг байсан байна. Хааяа тэд эмэгтэйг эзэмдэхийн төлөө өөр хоорондоо бүжгээр уралддаг байж. Эмэгтэйчүүд голцуу хамгийн чадварлаг бүжигчинг сонгодог байв. Энэ тачаангуйн тэмцлийн төгсгөл нь азтай эрийн ар нуруунд зоогдсон хутга байх нь олонтаа. Тангог үхлийн бүжиг гэж бас нэрийддэгийн учир үүнд ч байж болох...

Яагаад, 12 дугаар сарын 11-ний өдрийг Тангоны өдөр болгосон талаар өгүүлье. 1887 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ бүжгийн хаанаар өргөмжлөгдсөн алдарт тангоч Карлос Гардель төрсөн ажээ. Францаас 6 насандаа Аргентинд цагаачлан ирсэн тэрбээр өсвөр насандаа танго бүжгээр “өвчлөн”, тун ч удалгүй Аргентинд төдийгүй нэрд гарч алдар нь бусад оронд цууриатжээ. Европт ирэхдээ Карлос Гардель Парист танго бүжгийг амжилттай танилцуулснаар дэлхийн бүх тив, улсуудаар энэхүү бүжиг өөрийн ялалтын эхлэлийг тавьсан түүхтэй. 1930 онд Карлос “Парамаунт” студитэй гэрээ байгуулж, “Буэнос Айресын гал”, “Танго бар”, “Тосгоны аялгуу” зэрэг кинонд зургаа авахуулав. Үүний дараа Холливуд Гарделийг гол дүрд нь тоглуулж “Надад дурлах тэр өдөр” киног хийжээ. Гэвч алдар цуут хүний нас богинохон байдаг гэдгийг батлах гэсэн мэт түүний урлагийн замнал 1935 онд онгоцны сүйрлээр төгссөн нь үнэхээр харамсалтай.


tango

Харин Гарделийн тараасан танго бүжиг одоо ч үргэлжлэн хөгжсөөр л байна. Цаг хугацааны хүрдэнд энэ бүжиг өөрийг нь зохимж ёсгүй, садар завхайн илрэл гэж үзэн хориглож ирсэн хүмүүсийн зүрхийг ч эзэмдэн зөвшөөрүүлж чадсан ажгуу. Жишээ нь, Ромын Пап Пия X энэ бүжгийг хориглосон байсан хэдий ч 1914 онд Карлосын шавь К. Аина Ватиканд тангог бүжиглэж үзүүлсний дараа өөрийн тавьсан хоригоо Пап цуцалж байсан юм. Түүнчлэн Тангог Герман болон Оросод бүжиглэхийг хориглодог байсан хэдий ч түүний дэлгэрэлтэнд энэ хориг огтхон ч саад болж чадаагүй юм. 1920-1930 онуудын үед ЗХУ-д танго нь хөрөнгөтний доройтол, бэртэгчин хүмүүсийн бүжиг гэж цоллогдож байсан хэдий ч танго бүжгийн аялгуу бүхий зурагдсан пянзнууд гараас гарт дамжин явсаар иржээ.

1950 оны үе буюу АНУ-ын Агуу хямралын жилүүдэд болон Өмнөд Америкт цэргийнхний засаглалын үед танго нэг хэсэг мартагдах шинжтэй болж ирэв. Үүний дараа ирсэн рок – н - ролл тангог удаан хугацаагаар, магадгүй бүрмөсөн шахах шиг болов. Харин 1983 онд Парисд найруулагдан тавигдсан “Аргентины танго” шоу хөтөлбөр гайхамшигтай амжилтанд хүрч, мартагдсан бүжиг маань нэг өдрийн дотор дахин сэргэж, хаа сайгүй хүмүүс энэ бүжигт хорхойсон, танго бүжгийн сургалтанд явж, тангогоор хичээллэж эхэллээ. Энэ цагаас хойш танго бүжиг өөрийн алдар хүндээ дахин алдаагүй өнөөг хүрээд байна.


.tango

Танго бүжгийн хэдэн төрөл байдаг. Үүнд:
Танго “Милонгеро”: аргентины оригинал танготой хамгийн төстэй. Милонгерог бүжиглэхдээ тэврэлдэн бүжиглэдэг бөгөөд па - алхамууд энгийн хэдий ч өөрөө зохиох – чөлөөтэй, харин ч дэмждэг.
Танхимын танго: энэ хэлбэрийн онцлог нь бүжиглэгчид хоорондоо ихээхэн зайтай бүжиглэдэг нь илүү олон төрлийн па ашиглах бололцоог олгодог ажээ.
Танго “Liso: энгийн танго. Энэ төрөл нь илүү энгийн, тодорхой заагдсан хөдөлгөөнтэй, олон төрлийн импровизац болон хэцүү алхамуудгүй.
Танго “Nuevo: шинэ танго. Энэ төрөл нь олон төрлийн сонирхолтой, хэцүү фигур, эргэлт зэрэг элементтэй тул түүнийг “шинэ цус”-тны бүжиг гэж нэрийдэх нь бий. Иймд бүжигчид энэ бүжгийг бүжихдээ шинэ илэрхийлэл, стиль хэв маягийг үргэлж эрэлхийлдэг.
Танго “Фантаз”- Энэ төрөл нь тэмцээн, театрын тоглолтод зориулагдан тавигддаг. Энэ тангог мэргэжлийн бүжигчид бүжиглэдэг бөгөөд тавигдсан танго бүр нь найруулагчийн бодол санааны илрэл - өшөө авалт, үзэн ядалт, хайр дурлал болон бусад сэтгэлийн хөдлөлийг илэрхийлдэг.

www.orosshkolton.mn, Ё. Одончимэг.

2 comments:

  1. энэ сүүлийн зургийг хараад ханашгүймаа. энэ хоёр ч ёстой шатаж байнаа

    ReplyDelete
  2. Tango iim tuuhtei bsiin biivii ^^
    gaihaltai bujig .... surah yumsan :(

    ReplyDelete