Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/04/17

Бичлэг №2

Энд юм бичилгүй нэлээд удчихсан байна. Өмнө нь удаан вальсийн талаар нэг бичлэг оруулж байсан билээ. Үргэлжлүүлээд удаан вальсийн талаар өөрийнхөө мэдэж буй хэмжээнд жаахан танин мэдэхүйн шинжтэй зүйл оруулахаар шийдлээ.
Удаан вальсийг бүжиглэхэд гаргадаг хамгийн том алдаа бол миний бодлоор их хүч зарцуулан сайн гүйцэтгэл гаргах гэж оролдох явдал юм. Удаан вальс бол үүссэн хурдаа ашиглан өндөрт гарч, авсан өндрөөсөө унахдаа эргэн хурд авч , өөрөөр хэлбэл, хүчээр биш урссан байдлаар бүжиглэх ёстой бүжиг юм. Энд үндсэн дөрвөн төрлийн хүчийг бид ашигладаг.
  1. Гравитацийн буюу хүндийн хүч
  2. Инерцийн хүч
  3. Төвд тэмүүлэх хүч /Хосын дотор талдаа эргэж буйд хамаарна/
  4. Төвөөс зугтах хүч /Хосын гадна талдаа эргэж буйд хамаарна/
Эдгээр хүчний цаана бие биедээ хувирч байдаг энергүүд /Кинетик, Потенциал/ байдаг.


Өндөр дээрээс бүжиг цааш үргэлжлэх ёстой шугамаараа унах явцад хурд бий болно тэр хурдаараа дараагийн өндөрт тулгууртай жадаар харайж буйтай адилаар эргээд өндөр гардаг. Өөрөөр хэлбэл инерциэрээ гарч байна.
Сүүлийн хоёр хүчийг хэн нэгэнтэй хөтлөлцөөд түүнийг өөрийгөө тойруулан дүүгүүрдэж буй үед сайн ажиглаж болно.
Дасгал дээр удаан вальсийг бүжиглэхдээ аль болох боломжит хамгийн бага хүч зарцуулахыг хичээгээрэй. Энэ нь таны бүжиглэлийг илүү зөөлөн, сайн гүйцэтгэлтэй болгоход маш ихээр нөлөөлнө.

Зөвхөн удаан вальс гэлтгүй аль ч төрөлд тухайн хос нь хоёр төрлийн балансыг бариад сурчихвал бүжиг маш хялбар болно.
  1. Хувийн баланс
Хувийн баланс гэдэг нь босоо тэнхлэгийн хүндийн төвөө босоо хэлбэрт барих явдал юм. Тухайн балансыг зөв барьсан нөхцөлд вальсийн зогсолтуудыг ямар нэг хүч зарцуулахгүйгээр барьж болох бөгөөд бүх ачаалал аль нэг булчин дээр бус тэгш, зөв байрласан хүзүү, нурууны гэх мэт яснуудад оногддог. Харин балансаа буруу барьж бүжиглэсэн нөхцөл зогсолт бүрийг барихад тэнцвэрийг хангахын тулд булчингууд маш их үүрэг гүйцэтгэж ядралт өгөх, бүжигийн гүйцэтгэл маш хатуу, тэнцвэргүй, дутуу болдог.
Иймээс балансыг зөв барих нь чухал юм.

2. Хосын баланс

Хосын баланс тухайн хосын голд босоо тэнхлэгт байрладаг. Тухайн хос эргэлдэх, аль нэг шугам даган нэг чигт алхах үйлдэл хийх бүрт зөвхөн тухайн балансыг тойрох, эсвэл балансын хоёр талаар жигд алхах хэрэгтэй юм. Бид бүхний сайн мэддэг Свей нэртэй гоёмсог хөдөлгөөн нь зохиомлоор болон хүчээр хазайх үйлдэл биш бөгөөд хурдтай хөдөлгөөний явцад болон эцсийн өндөрт зогсох үед баланс барих хэрэгсэл юм. Бас эмэгтэй болон эрэгтэйн гэдийх үйлдэл нь баланс барихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хар ухаанаар тормос юм уу даа.
Жишээлбэл баруун эргэлтийн эхний гурван тоон дээр эмэгтэй тойргийн голд эргэх бөгөөд алхаж буй зүгийн эсрэг чигт гэдийснээр баланс тойрон тогтвортой эргэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд дараагийн гурван тооны эцэст өндөрт гарахад Свей баланс барихад нөлөөлнө. Тухайн баланс ямар ч хөдөлгөөн хийж байсан хосын төвд тогтвортой, байрлах ёстой. Хос нь энэхүү балансаа алдсанаар аль нэг тийш хазайх, нэг нэгэн дээрээ дарах, хэмжээ алдах гэх мэт бүх төрлийн алдааны эх үүсвэр болдог.

Дээрх хоёр төрлийн балансыг чанд барьсан тохиолдолд ядралт маш бага, тухайн хөдөлгөөн бүрийн гүйцэтгэл төгс болох болно.

Энэхүү бичлэгийнхээ төгсгөлийн хэсэгт бүжиг сурч буй хүний танин мэдэхүйн талаар дурдъя.
Бүжиг заалгахдаа тухайн суралцагч гурван түвшинд ойлгодог.
  1. Оюун ухааны ойлголт/Mental understanding/
  2. Биеийн ойлголт/Physical understanding/
  3. Сэтгэл хөдлөлийн ойлголт /Emotional understanding/
Анх суралцаж буй хүмүүс зөвхөн багшийн хэлж буй хөдөлгөөн цээжлээд, яаж хийхийг нь мэдээд байдаг мөртлөө хийж чаддаггүй. Энэ нь та зөвхөн Оюун ухааны ойлголтын шатандаа явж байна гэсэн үг.
Харин хэсэг хугацааны дараа хийгээд сурсан мөртлөө аль нэг сайн бүжиглэдэг хүн, эсвэл багшаасаа арай дутуу харагдаад байдаг. Энэ нь та эхний хоёр түвшинд ойлгож байгаа ч emotional түвшинд буюу бүжгийг сэтгэлээсээ бүжиглэхгүй байгаатай холбоотой юм.
Стандарт бүжигт сэтгэлээсээ, дотроосоо бүжиглэж сурах нь маш чухал байдаг. Гол нь энэ тэр хөдөлгөөн ингэж тэгэж алхдаг гэснээс илүү, тухайн бүжгийн гол характер, цаад философийг нь ойлгох чухал юм. Та нэг удаа ч гэсэн нүдээ аньж байгаад аяаа сонсоод үз. Жишээлбэл: удаан вальсийн ая сонсоход нэг тийм урссан налархай, зөөлөн хөвөж буй мэт хөдөлгөөн гүйцэтгэл үзүүлэх ёстойгоо та ойлгох болно. Аяаа дагуулан гараа уян налархай, зөөлөн хөдөлгөмөөр ч санагдаж магадгүй. Тэгээд сайн бүжиглэдэг хэн нэгнийг, эсвэл бичлэг үзэж гоё сайхныг нь мэдрэх гээд үз. Хэрвээ танд тухайн бүжгийн уран тансаг зүйл мэдрэгдсэн бол одоо түүнийгээ өөрийн биеээр гүйцэтгэхэд маш дөхөм болсон байх болно. Гол нь сэтгэлээсээ бүжиглэх хэрэгтэй гэсэн үг л дээ. Энэ шинж чанар бүжгийг гимнастик болон бусад спортоос ялгадаг болно.
Дашрамд хэлэхэд дээрх эхний шатанд оюун ухаандаа ойлголтыг авч чадаж байгаа хүн бүр бүжигчин болж чадна. Өөрөөр хэлбэл та тахир дутуу, эсхүл оюуны хомсдолтой л биш бол, сайн бүжиглэдэг хэн нэгэн, огт бүжиглэж байгаагүй та хоёрыг хооронд нь бүжгээр үр дүнтэй хичээллэсэн цаг хугацаа л ялгаж байдаг юм шүү.

1 comment:

  1. ёстой сайхан бичлэг болжээ. сэтгэгдлээ яг илэрхийлээд хэлэх гэхээр онохгүй санагдаад байна. Гэхдээ нэг иймэрхүү юм уу даа. Бүжиг гэдэг ийм нарийн шинжлэх ухааны, бас сэтгэл мэдрэмжийн илэрхийлэл болсон урлаг байдгийг сайн мэддэггүй явжээ. "Зарим хүмүүс" шиг бүжгийг тураах хэрэгсэл гэдэг утгаар нь биш өөр утгаар ойлгох хэрэгтэй гэдгийг ойлгуулсан, нэг ёсны нүд нээсэн сайхан нийлэл байна. Баярлалаа

    ReplyDelete