Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/17

Фламенко

Сэтгэл хөдөлгөм дууны хэмнэл, гутлын өсгий товших чимээ, газар шүргэсэн урт даашинз... Та яг одоо энэ бүгдийг сэтгэлдээ төсөөлөөд, дотроо мэдрэх гээд оролдоод үз дээ! Бүжигчин бүсгүйн гутлын өсгийн товших чимээ бүрийг чагнаад үзээрэй! Яг л гал мэт дүрэлзсэн хайр дурлал, түүний гайхалтай өрнөл, гашуун хагацал, гаслан зовлон бүгдийг нэгэн зэрэг мэдрэх шиг... Залуу бүсгүйн үл ялиг чичирхийлсэн, хагас инээвхийлсэн уруул, өндөрт өргөсөн гар, татаж тэгшилсэн цэх нуруу, уян нарийн бэлхүүс, хурц, гялалзсан нүдний харц – энэ бүгд бардам, ихэмсэг, хэзээ ч үл шантрах Испани бүсгүйг илтгэнэ. Энэ бол Испани фламенко! Нуруу цэх, харц дээгүүр тэдний тухай сонирхуулах зүйл их ажээ.

Испани бүсгүйчүүдтэй салшгүй холбоотой нэгэн зүйл бол яах аргагүй баяр баясал, хүсэл тачаал, гуниг зовлон бүгдийг өөртөө багтаасан фламенко бүжиг! Үнэндээ энэ нь Испани эмэгтэй болгон фламенко бүжиглэдэг, дуулдагт биш харин фламенко бүжгийн хөдөлгөөн бүхэн испани эмэгтэйн уян,
налархай бие цогцос, итгэл дүүрэн, бардам харцыг санагдуулж, фламенкогийн аялгуу дуу бүр испани эмэгтэй бүрийн сэтгэл зүрхэнд шингэсэн байдаг гэсэн утгыг агуулж байгаа юм.

  Фламенко бол Испаний уламж­лалт дуу-бүжгийн төрөл бөгөөд дотроо бүжиг (байле), дуу (канте), гитарын тоглолт (токе)-г багтааж байдаг. Бүжиг дууг гарын алга ташилт, хөл товшилт зэрэг дагалдана. Фламенкогийн үүсэл хөгжилд анх 15-р зуунд Византигаас Испани руу нүүдэллэн ирж Испаний өмнөд хэсгийн мужуудад, тэр дундаа Андалузид суурьшсан цыгануудын дуу, хөгжим асар их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Цыганууд суурьшсан газрынхаа буюу испаничууд болон еврейчуудын дуу хөгжмийг хүлээн авч, өөрсдийнхөөрөө ойлгон өөрч­лөн дуулж, хуурдаж эхэлсэн бөгөөд энэ нь фламенкогийн үндэс суурийг тавьсан байна.

  Фламенкогийн дуу хүнд, хэцүү хэмнэлтэй, анх сонссон хүнд тэр бүр таалагддаггүй ч бүжигчин бүсгүйн уян, налархай басхүү хурц, хурдан, огцом хөдөлгөөнүүд, гитарын хэм­нэлт аялгуу зэргийг гайхан бишрэхгүй байхын аргагүй билээ.

  Испани бүсгүйчүүдийн гол уриа: “Амьдар, бас амьдралаас таашаалыг мэдэр!” Ийм ч учраас тэд аз жаргал гэдэг мөнгө, эд баялагт бус харин бие хүн болоод байгаль эх хоёр хоорондын харил­цан зохицол, эрх чөлөө, хүсэл эрмэлзэл дүүрэн амьдралд оршдог гэж үздэг. Тэд амьдралаас, эргэн тойрноосоо, хийж буй зүйлээсээ аль болох их таашаал авахыг эрмэлздэг бөгөөд тиймдээ ч тэдний өдөр тутмын амьдрал өнгө гэрлээр дүүрэн байдаг гэж хэлж болох юм.

  Хэдийгээр бүжиг болон гэр бүлийн харилцаанд Испани эмэг­тэйчүүд давуу эрх, үүрэгтэй оролцдог ч хэзээ ч эрэгтэйгээ давамгайлах эсвэл “дарах” явдал гаргадаггүй. Тэд зөвхөн өөрсдийн эмэгтэйлэг, дахин давтагдашгүй шинж чанарыг онцгойлохыг эрмэлздэг.

  Испани бүсгүйчүүд өөрсдийн төрөлхийн гоо сайхныг илүүд үздэг бөгөөд тэд нүүрээ бараг буддаггүй. Гоо сайхны бараа, бүтээгдэхүүн хэрэглээгээр Испани Европт хам­гийн сүүлийн байранд ордог. Испани бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан гэдэг бол юуны өмнө эрүүл чийрэг бие бялдар бас цэвэр, зөөлөн арьс юм.

эх сурвалж: http://www.tsagtur.mn/

1 comment:

  1. spain busguichuud nuuree budhiig chuhalchildaggui gedeg ni unen shuu!

    ReplyDelete