Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/02/21

Энэтхэг бүжиг /Ч.Чимид/

Бөмбөр нижигнэв
Дэншиг хангинав
Гүндээ
Бүжигчин бурхны дүрстэй
тайз цэлийлээ
Хөлдөө
Жижигхэн хонхны эрхитэй охин гарлаа
Тэр охины сайхныг
Тэнгэрийн дагина шиг
гайхмыг
Ширтэсхийж баахан харах гэсэн нь
Хиртхийж цочсон юм шиг болсон нь
Хөгжмийн аялгуунд автсан юм байж
Бүжгийн хөдөлгөөн давтсан юм байж
Дун цагаан шүд нь яралзаж

Дуран хар нүд нь тормолзож
Хун шувууны далавч шиг
хоёр гар нь үелзэж
Хулан тахийн шилбэ шиг
нарийн хөл нь туялзаж
Бүжиг эхэллээ,
Жүжиг гарлаа
... Гэв гэнэт
Эртний угалз болоод махирлан тахирлах шиг
Гэтэл бас
Эрдэний чулуу болоод гялтганан цавцалзах шиг
Идийг үзүүлнэ
Шидийг таниулна
Ам нь хөдлөхгүй мөртөө
Аминчилж надтай ярих шиг

Амьдрал, жаргал дурлалын
Алтан үлгэр тоочих шиг
Хорвоо дэлхийн алзашгүйг
Хонгор сэтгэлийн халдашгүйг
Бүжгээр биш үгээр
Сүжгээр биш үнэнээр
Зөвхөн над ярих шиг,
Зөөлөн амьсгаа нь ойртох шиг,
Өөрөөс нь бусад юм
Өртөж харагдахгүй болтол
Энэ танхимын чийдэн
Энэтхэгийн нар шиг гялбатал
Сарнай цэцэг
Хамар өөд сэнгэнэтэл
Сайхан дуу
Чихэн дотор хангинатал
Бүжиж чадах урлагийг
Үзэж суух ялдмыг
Хичээж зориуд санахгүй ч,
Хэзээ ч гэсэн мартахгүй ...

2 comments:

  1. baga uurlaarai ert hugshrunu shuuu nice blog baina amjilt chi shuu

    ReplyDelete
  2. thanks. nerii chin medehgui ch gsn bi uurt chin uurlaje de yanz n. za uuchillaa. kk

    ReplyDelete