Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.

2011/04/28

Бүжгийн ая - Венийн вальс

Вальс бүжиг нь XYIII зууны 70-аад оноос үүсэлтэй. Үүсэл гарал нь Европын үндэстнүүдийн нэгдмэл хөдөлгөөнөөс бүрдсэн гэж үзсэн Вальс бүжгийн гарал үүсэлд тухайн үед бүжиглэгдэж байсан. Түүний олон хувилбар “Куранта” Францийн “Вольта” болон хамгийн оргил үе Австрийн /Венийн/ нийслэлээс гаралтай гэж үздэг юм. XIX зуунд Вальс Европын орнуудаар өргөн тархаж дараа нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг болон тархсан. Ямар ч бүжгийг вальсийн аугаа зохиолч И.Штраус, П.Чайковский, С.Глинки, А.Свиридов, С.Прокофьев нараар төсөөлөхгүй байхын аргагүй боловч орчин цагийн хөгжмийн зохиолчид өөрийн арга барилаар олон арван эгшиглэнт аялгуу зохиож байна.
Эхэндээ вальс бүжиг нь хөлийн 3-р байрлалаар бүжиглэгддэг байсан бол орчин цагт хөлийн гишгэлт нь хөлийн 6-р байрлалд шилжсэн байна. Энэ нь хөлийн гишгэлт хосуудын хоорондын харьцаа, их бие, гарын байрлалд илүү нийцнэ. Вальс бүжиг нь ѕ хэмнэлтэй баруун зүүн гэсэн 2 эргэлттэй. Үгийн үндсэн утга нь эргэлдэх гэсэн утгатай.

Татаж авах

цааш нь...

2011/04/27

Бүжгийн ая - Удаан вальс

Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.


Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.

Хөгжмийн хэмжээс нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий, өлмий, гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай болдог. Цээжний ганхсан хөдөлгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.

Тиймээ энэ бол яахын аргагүй тансаг, гоо сайхан, уян налархай бүхний илэрхийлэл болсон удаан вальс. Ингээд энэ удаагийн удаан вальсны бүжгийн аяны багцыг танд хүргэж байна.

Татаж авах

цааш нь...

2011/04/26

Бүжгийн ая - Румба

Латин америкийн бүжгүүд дотроос хамгийн их мэдрэмж шаарддаг, бас хамгийн тансаг, романтик бүжиг бол румба билээ. Энэхүү бүжгийн аяыг сонсож сурна гэдэг нь бүжгийн спортоор анхлан хичээллэж байгаа хүмүүст бага зэрэг асуудалтай хэцүү байдаг. Гэвч аливаа аяны хэмнэлийг мэдрэхийг хүсвэл түүнийг маш олон дахин чихэндээ хоногштол нь сонсоод ямар ч аялгуутай ая байсан тэр дундаас цохилтуудыг нь олж сонсож чаддаг болох хэрэгтэй.
За ингээд "хайрын бүжиг" румбаны хэмнэлийг мэдэрцгээе. Энэ удаад цоо шинэхэн 6 ширхэг ая бүхий багцыг танд зориулж байна.

Татаж авах
цааш нь...

Бүжгийн ая - Удаан фокстрот

Цэнгээнт бүжгийн нэгэн төрөл болсон фокстротыг удаан, хурдан хэмнэлтэй гэж ангилдаг. Удаан фокстрот нь минутад 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэрийг нэг алхамт, хоёр алхамт зэргээр нэрлэдэг. Энэ бүжиг шөнийн клубт Вернон, Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Йорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ.

Тиймээс түүний нэрийн хэсгээс оруулж, бүжгийг “фокстрот" хэмээн нэрлэсэн түүхтэй. Эхэндээ фокстротыг бүжиглэхдээ амьтдын алхаанаас санаа авч баруун, зүүн хөлийг бүжгийн нэг шугам дээр буюу нэгийг нөгөөгийн урд эсвэл хойно тавьдаг байв. 1950-иад оноос энэ дэг өөрчлөгдөж баруун, зүүн хөл тусдаа замаар тавигддаг болжээ. Анхны фокстрот минутад 160 цохилттой, огцом ухасхийсэн хөдөлгөөнтэй байв.

Энэ фокстротыг ритм, блюз гэж нэрлэж байсан ба Нью-Йоркт түгэн дэлгэрснээр Лондонд хүрчээ. 1922 онд хатираа алхалтууд гологдон, бага зэрэг эрч хүчтэй хөдөлгөөнтэй болж, 1927 оноос бүжгийг удаан фокстрот гэж нэрлэжээ. Энэ үеэс фокстрот зөөлөн гулссан хөдөлгөөнтэй болсон байна.

Энэ бүжгийн түүхээс дурдвал иймэрхүү байна. Харин одоо хэмнэлийг нь өөрийнхөө чихээр сонсож мэдмээр байна уу? Энэ удаад нийт 11 ширхэг удаан фокстротын ая бүхий багцыг танд санал болгож байна.

Ингээд нарийн торгон мэдрэмжтэй удаан фокстрот бүжгийн хэмнэлийг мэдэрцгээе.

Татаж авах
цааш нь...

Бүжгийн ая - Cha cha cha

Бүжиг сонирхогч, бүжгийн спортоор хичээллэдэг, бүжиглэх дуртай хүн бүхэнд бүжгийн гоё, сонсголонтой ая гэдэг бол юу юунаас чухал байдаг. Тийм болохоор манай блог аянуудыг татаж авах боломжтойгоор тавьж байна. Энэ удаад чача бүжгийн аянуудыг санал болгож байна.

Энэ удаагийн багцад нийт 7 ширхэг аяыг тавьлаа. Бүгдээрээ цоглог эрч хүчтэй ча-ча бүжгийн хэмнэлийг мэдэрцгээе.

цааш нь...

2011/04/18

IDSF EUROPEAN LATIN CHAMPIONSHIP- 2011

2011 оны III сарын 26нд Францын Марсель хотноо болсон Европын аварга шалгаруулах Латин бүжгийн тэмцээний талаар та бүхэндээ сонирхуулж байна.

Тэмцээний байр эзэлсэн байдлыг сонирхуулбал:
1. Зоран Рлол болон Татъяана Лавинович /Хорват/
2. Андрей Зайцев болон Анна Кузминская ОХУ/
3. Аниелло Ланжелла болон Куртина Мошенка /Итали/
4. Мартино Занибеллато болон Мишэл Абилдрап /Дани/
5. Владимир Капров болон Мария Запташвилли /ОХУ/
6. Чарлес Шмит болон Элена Саликова /Франц/


IDSF - ээс тусгайлан тус тэмцээний финалын гайхамшигт агшнуудыг онцлон авч сонирхуулж байна.


цааш нь...

2011/04/17

Бичлэг №2

Энд юм бичилгүй нэлээд удчихсан байна. Өмнө нь удаан вальсийн талаар нэг бичлэг оруулж байсан билээ. Үргэлжлүүлээд удаан вальсийн талаар өөрийнхөө мэдэж буй хэмжээнд жаахан танин мэдэхүйн шинжтэй зүйл оруулахаар шийдлээ.
Удаан вальсийг бүжиглэхэд гаргадаг хамгийн том алдаа бол миний бодлоор их хүч зарцуулан сайн гүйцэтгэл гаргах гэж оролдох явдал юм. Удаан вальс бол үүссэн хурдаа ашиглан өндөрт гарч, авсан өндрөөсөө унахдаа эргэн хурд авч , өөрөөр хэлбэл, хүчээр биш урссан байдлаар бүжиглэх ёстой бүжиг юм. Энд үндсэн дөрвөн төрлийн хүчийг бид ашигладаг.
  1. Гравитацийн буюу хүндийн хүч
  2. Инерцийн хүч
  3. Төвд тэмүүлэх хүч /Хосын дотор талдаа эргэж буйд хамаарна/
  4. Төвөөс зугтах хүч /Хосын гадна талдаа эргэж буйд хамаарна/
Эдгээр хүчний цаана бие биедээ хувирч байдаг энергүүд /Кинетик, Потенциал/ байдаг.


Өндөр дээрээс бүжиг цааш үргэлжлэх ёстой шугамаараа унах явцад хурд бий болно тэр хурдаараа дараагийн өндөрт тулгууртай жадаар харайж буйтай адилаар эргээд өндөр гардаг. Өөрөөр хэлбэл инерциэрээ гарч байна.
Сүүлийн хоёр хүчийг хэн нэгэнтэй хөтлөлцөөд түүнийг өөрийгөө тойруулан дүүгүүрдэж буй үед сайн ажиглаж болно.
Дасгал дээр удаан вальсийг бүжиглэхдээ аль болох боломжит хамгийн бага хүч зарцуулахыг хичээгээрэй. Энэ нь таны бүжиглэлийг илүү зөөлөн, сайн гүйцэтгэлтэй болгоход маш ихээр нөлөөлнө.

Зөвхөн удаан вальс гэлтгүй аль ч төрөлд тухайн хос нь хоёр төрлийн балансыг бариад сурчихвал бүжиг маш хялбар болно.
  1. Хувийн баланс
Хувийн баланс гэдэг нь босоо тэнхлэгийн хүндийн төвөө босоо хэлбэрт барих явдал юм. Тухайн балансыг зөв барьсан нөхцөлд вальсийн зогсолтуудыг ямар нэг хүч зарцуулахгүйгээр барьж болох бөгөөд бүх ачаалал аль нэг булчин дээр бус тэгш, зөв байрласан хүзүү, нурууны гэх мэт яснуудад оногддог. Харин балансаа буруу барьж бүжиглэсэн нөхцөл зогсолт бүрийг барихад тэнцвэрийг хангахын тулд булчингууд маш их үүрэг гүйцэтгэж ядралт өгөх, бүжигийн гүйцэтгэл маш хатуу, тэнцвэргүй, дутуу болдог.
Иймээс балансыг зөв барих нь чухал юм.

2. Хосын баланс

Хосын баланс тухайн хосын голд босоо тэнхлэгт байрладаг. Тухайн хос эргэлдэх, аль нэг шугам даган нэг чигт алхах үйлдэл хийх бүрт зөвхөн тухайн балансыг тойрох, эсвэл балансын хоёр талаар жигд алхах хэрэгтэй юм. Бид бүхний сайн мэддэг Свей нэртэй гоёмсог хөдөлгөөн нь зохиомлоор болон хүчээр хазайх үйлдэл биш бөгөөд хурдтай хөдөлгөөний явцад болон эцсийн өндөрт зогсох үед баланс барих хэрэгсэл юм. Бас эмэгтэй болон эрэгтэйн гэдийх үйлдэл нь баланс барихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хар ухаанаар тормос юм уу даа.
Жишээлбэл баруун эргэлтийн эхний гурван тоон дээр эмэгтэй тойргийн голд эргэх бөгөөд алхаж буй зүгийн эсрэг чигт гэдийснээр баланс тойрон тогтвортой эргэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд дараагийн гурван тооны эцэст өндөрт гарахад Свей баланс барихад нөлөөлнө. Тухайн баланс ямар ч хөдөлгөөн хийж байсан хосын төвд тогтвортой, байрлах ёстой. Хос нь энэхүү балансаа алдсанаар аль нэг тийш хазайх, нэг нэгэн дээрээ дарах, хэмжээ алдах гэх мэт бүх төрлийн алдааны эх үүсвэр болдог.

Дээрх хоёр төрлийн балансыг чанд барьсан тохиолдолд ядралт маш бага, тухайн хөдөлгөөн бүрийн гүйцэтгэл төгс болох болно.

Энэхүү бичлэгийнхээ төгсгөлийн хэсэгт бүжиг сурч буй хүний танин мэдэхүйн талаар дурдъя.
Бүжиг заалгахдаа тухайн суралцагч гурван түвшинд ойлгодог.
  1. Оюун ухааны ойлголт/Mental understanding/
  2. Биеийн ойлголт/Physical understanding/
  3. Сэтгэл хөдлөлийн ойлголт /Emotional understanding/
Анх суралцаж буй хүмүүс зөвхөн багшийн хэлж буй хөдөлгөөн цээжлээд, яаж хийхийг нь мэдээд байдаг мөртлөө хийж чаддаггүй. Энэ нь та зөвхөн Оюун ухааны ойлголтын шатандаа явж байна гэсэн үг.
Харин хэсэг хугацааны дараа хийгээд сурсан мөртлөө аль нэг сайн бүжиглэдэг хүн, эсвэл багшаасаа арай дутуу харагдаад байдаг. Энэ нь та эхний хоёр түвшинд ойлгож байгаа ч emotional түвшинд буюу бүжгийг сэтгэлээсээ бүжиглэхгүй байгаатай холбоотой юм.
Стандарт бүжигт сэтгэлээсээ, дотроосоо бүжиглэж сурах нь маш чухал байдаг. Гол нь энэ тэр хөдөлгөөн ингэж тэгэж алхдаг гэснээс илүү, тухайн бүжгийн гол характер, цаад философийг нь ойлгох чухал юм. Та нэг удаа ч гэсэн нүдээ аньж байгаад аяаа сонсоод үз. Жишээлбэл: удаан вальсийн ая сонсоход нэг тийм урссан налархай, зөөлөн хөвөж буй мэт хөдөлгөөн гүйцэтгэл үзүүлэх ёстойгоо та ойлгох болно. Аяаа дагуулан гараа уян налархай, зөөлөн хөдөлгөмөөр ч санагдаж магадгүй. Тэгээд сайн бүжиглэдэг хэн нэгнийг, эсвэл бичлэг үзэж гоё сайхныг нь мэдрэх гээд үз. Хэрвээ танд тухайн бүжгийн уран тансаг зүйл мэдрэгдсэн бол одоо түүнийгээ өөрийн биеээр гүйцэтгэхэд маш дөхөм болсон байх болно. Гол нь сэтгэлээсээ бүжиглэх хэрэгтэй гэсэн үг л дээ. Энэ шинж чанар бүжгийг гимнастик болон бусад спортоос ялгадаг болно.
Дашрамд хэлэхэд дээрх эхний шатанд оюун ухаандаа ойлголтыг авч чадаж байгаа хүн бүр бүжигчин болж чадна. Өөрөөр хэлбэл та тахир дутуу, эсхүл оюуны хомсдолтой л биш бол, сайн бүжиглэдэг хэн нэгэн, огт бүжиглэж байгаагүй та хоёрыг хооронд нь бүжгээр үр дүнтэй хичээллэсэн цаг хугацаа л ялгаж байдаг юм шүү.
цааш нь...

2011/04/15

Нэгэн оройг үр бүтээлтэй сонирхолтой өнгөрүүлмээр байна уу?

Залуусаа анхаарлаа нааш нь хандуулна уу. Та бүхэн нэг өдрийг ч гэсэн өөртөө зориулж, алжаалаа тайлан өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, цагаа үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлмээр байгаа биз дээ. Тэгвэл манай блогийн ээлжит асуулт хариултын тэмцээнд оролцоод ялагч болоорой.
Энэ удаад нийт 3 асуулт тавигдах бөгөөд асуултууд маань хүмүүст мэдлэг өгөх зорилгоор бүжгийн спорттой холбогдсон асуултууд байх болно. Та зарлагдсан хугацаанд хамгийн олон асуултад зөв хариулт ирүүлснээр ялагч болох боломжтой юм.


Асуулт №3.
  1. Бүжгийн спортын уралдаан тэмцээн үндсэн хэдэн төрлөөр /style categories of dance sport/ явагддаг вэ?
  2. Бүжгийн спортыг хамгийн анх хэдэн онд телевизээр нэвтрүүлсэн бэ?
  3. Танго бүжгийг яагаад ихэнхдээ өвдөг нугалсан байдалтай бүжиглэдэг вэ?
Шагнал:

Та дээрх асуултуудад хамгийн олон зөв хариултыг өгснөөр манай блогийн ээлжит асуулт хариултын тэмцээний ялагч болох бөгөөд та ялагч болсноор манай бэлтгэлийн хуваариас сонгон аль нэг өдрийг бидэнтэй хамт бүжиглэж өнгөрүүлэх боломжтой.


Хариулт хүлээн авах эцсийн хугацаа:
2011 оны 5 сарын 2
Та хариултаа үлдээгээд дээрх өдөр 11 цагаас манай блог руу дахин зочлоорой тэр үед бид ялагчийг зарласан байх болно. Хэрвээ хүсвэл та холбоо барих мэйл хаягаа үлдээвэл ялагч хэн болсон талаар бид танд тэр даруйд нь мэдэгдэх болно.

Түрүүчийн удаагийн асуулт №2 -ын ялагч тодорлоо. Энд дарж үзнэ үү.

цааш нь...

2011/04/13

Монголын Хүүхдийн Спортын 4-р Их Наадмын Бүжгийн спортын тэмцээн болно

Тун удахгүй 4-р сарын 16-ны өдөр Орхон аймагт Монголын Хүүхдийн Спортын 4-р Их Наадмын Бүжгийн спортын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд манай клубээс оролцох тамирчиддаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Манай тамирчид саяхан болсон Нийслэлийн хүүхдийн спортын наадамд амжилттай оролцсон билээ. Энэ эрчээрээ амжилтаа улам ахиулаарай манайхаан. Амжилт амжилт амжилт ...
цааш нь...

2011/04/10

Нийслэлийн хүүхдийн бүжгийн спортын наадам

Нийслэлийн хүүхдийн бүжгийн спортын наадам өнөөдөр буюу 2011 оны 04 сарын 10-д Улаанбаатар хотод Тэмүүжин хүүхдийн спорт цогцолборт болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд манай клубээс 3 хос, стандарт болон латин бүжгийн төрөлд оролцсон бөгөөд бага нас2 ангилалд орсон Тэнүүн, Учрал 2 маань маш амжилттай оролцон тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ. Мөн өсвөр нас1 ангилалд Манлай, Хүслэн 2 маань амжилттай оролцон хүрэл медалийн эзэд боллоо.



Тэнүүн, Учрал 2-ын удаан вальс бүжиглэсэн бичлэг


Манлай, Хүслэн 2-ын жайв бүжиглэсэн бичлэг



цааш нь...

2011/04/05

Блогийн асуулт хариултын тэмцээн №2

Эхний удаагийн тэмцээнд оролцсон бүх хүнд амжилт хүсье. Асуулт №1 хариулт: Пасодобле.

Блогийн асуулт хариултын тэмцээн №2 эхэллээ. Таныг сонирхолтой шагнал хүлээж байна. Хүн бүр оролцох боломжтой.
Харин энэ удаад бүжгийн холбогдолтой биш оюун ухаан сорьсон сонирхолтой асуулт тавихаар шийдлээ.

Асуулт №2
Нэгэн залуу гэртээ ирээд ээж аавдаа ингэж хэлжээ. "Би маргааш нар мандангуут нэг найзын руугаа айлчлалаар явах боллоо. Тэгээд яг дараагийн удаагийн нар мандахад эргэж ирнэ" гэжээ. Залуу сахал үсээ хусаж, цэвэрхэн сайхан хувцас хунар өмсөөд найзын руугаа явлаа.
Залуу хэлсэн амандаа хүрч, яг дараагийн нар мандахад гэртээ эргэж иржээ. Тэгэхдээ сахал үсэндээ баригдаж, хир тоосонд дарагдсан байлаа.
Тэр залуу хаашаа явсан бэ?

Та дорх comment хэсэгт асуултын хариулт болон нэрээ бичнэ үү.
цааш нь...

2011/03/31

Funny dance pic.s- Хөгтэй бүжигчид



"Инээ, инээ, бас дахин инээ" Владимир Ильич Цээгий чих шиг...ккк

Та бүхэнд инээдмийн баярын мэнд хүргэе. "Хөөрхөн" хэдэн зураг олоод оо.








цааш нь...

Вильям хунтайж хуримандаа Болливудын хоёр бүжигчнийг урьжээ

Английн эрхэмсэг дээд ханхүү Вильямын хурим сүүлийн үеийн хамгийн их сенсаацтай, сонирхолтой сэдэв болж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Энэ оны 4 сарын 19нд болох хуримандаа ханхүү Болливудын хоёр хосыг бүжиглүүлэхээр урьжээ.
Бүжигчин Сандип Сопоркар ба Жесс Рандхава нар энэ урилгад маш сэтгэл хангалуун байгаа бөгөөд саяхан нэг ТВ нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай ярилцлага өгчээ. Тэд вальс юм уу ямар нэгэн романтик бүжиг хийхээр ярилцаж байгаа ч хараахан товлоогүй байгаа гэнэ.

цааш нь...

Princess Debut- Бүжгийн видео тоглоом

Нинтендогоос гаргасан гайхалтай тоглоом болох Princess Debut-г танилцуулж байна. Энэхүү тоглоом нь бүхий л талаараа гайхалтай болж чадсан гэж тоглоом сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Өгүүлэгдэх түүх: Та Сабрина хэмээх нэгэн гүнжийн дүрт тоглох болно. Сабрина хэмээх нэгэн охин жирийн амьдралаасаа ихэд уйдсан байдаг. Нэгэн удаа хичээлээ тараад гэртээ иртэл шүүгээн дотроос нь өөртэй чинь яг адилхан ч гэсэн маш жижигхэн биетэй гүнж, ягаан нүдний шил зүүсэн нэгэн жижигхэн нисдэг амьтан гарч ирнэ. Тэд өөрсдийгөө Kip Hamoon Stallon 777 ба гүнж Сабрина гэж танилцуулна. Тэд шүүгээний цаана байх үлгэрийн ертөнцөөс ирсэн бөгөөд 30 хоногийн дараа тэдний оронд нэгэн томоохон бүжигт наадам болох тухай ярьж өгнө. Гүнж бүжгийн ямар ч авьяасгүй тул зугтаж яваа бөгөөд Сабрина охиныг хэд хоног өөртэй нь солигдохыг гуйна.

Ингээд охин зөвшөөрч, гүнжийн оронд үлгэрт орсноор сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлнэ. Үлгэрийн оронд 4 ханхүү байх агаад тэндхийн амьтад бүгд ярьдаг, охины бүжгийн багш нь Туулай байдаг.

Үүнээс хойш үйл явдал хэрхэн өрнөх нь тоглогч танаас шалтгаална. Та гүнжийн дүрээр хан хөвгүүдтэй бүжиглэж, бүжгийн дасгал хийж болно. Та самба, жайв, ча ча ча, румба, пасо добле, танго, фокстрот, веннийн вальс бүжиглэх болно. Мөн ая нь хүртэл сургалтын, хүнд гээд маш олон төрөл байгаа.

За ингээд танд амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
энд дарна уу.






цааш нь...

2011/03/29

Бүжиг - Тоглоом

Орчин үед видео тоглоомууд хүчээ авч, хүүхэд багачууд гэлтгүй бүгд л сонирхох болсон төдийгүй үүнийг дагаад тоглоомын төрөл зүйл ч олширсоор байна.
Сүүлийн үеийн борлуулалт сайтай тоглоомын төрөл "бүжгийн тоглоом" ордог. Бүжгийн тоглоомын бусад тоглоомоос ялгах давуу тал нь:
- Эрүүл мэндэд сайн нөлөөтэй /маргашгүй/
- гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлнэ /хувцаслах гэх мэт/
- гэр бүл, хамт олноороо тоглох боломжтой
- насны хязгаар байхгүй
- чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломж
За тэгээд дурдаад байвал зөндөө.
Ингээд та бүхэндээ бүжгийн спортын хэд хэдэн тоглоомыг танилцуулж байна.


Dancing With the stars. We dance тоглоом
Уг тоглоом нь бага насны хүүхдэд зориулагдан 2008 оноос хойш худалдаалагдаж байгаа. Бүжгийн спортын талаар мэдлэг олгоод зогсохгүй хамтрагчаа сонгон алдарт "Dancing With the stars" шоунд оролцдог.
Та тоглоомын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.








Princess Debut - Энэ бол Нинтендогоос гаргасан хамгийн гайхалтай тоглоомуудын нэг болж чадсан тоглоом юм. Энд өгүүлэх түүх, орчин, хөгжим, хувцас гээд за тэгээд бүх зүйлс нь гайхалтай, бодит хирнээ үлгэрийн мэт мэдрэмжийг төрүүлж чадна.
Энэ тоглоомын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.



Dress up games - бага насны охидод зориулсан, бүжигчин хүүхэлдэй хувцаслах маш олон тоглоом байдаг. Та иймэрхүү тоглоомыг интернетээс амархан болох боломжтой.



Dance dance Revolution
Нэмэгдэл хөлийн гишгүүр бүхий энэ тоглоом бол үнэхээр гайхамшиг. Гэртээ, найзуудтайгаа тоглоход бүр янзтай байдаг даа. Манайд Тэнгис кино театрын тоглоомын танхимд нэг байдгийг л лав би мэднэ. Энэ тоглоом байнга шинэчлэгдэж, технологийн хөгжлийг дагаад улам гайхамшигтай болсоор байгаа. Ирээдүйд яг л тайзан дээр байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр хийгдэж ч магад биз ээ.
цааш нь...

Асуувал хариулъя...

Та бүхэн манай блогоос асуух зүйл байвал энд comment бичнэ үү. Бид хариулъя. цааш нь...

Блогийн асуулт, хариултын тэмцээн №1

Блогийн асуулт хариултын тэмцээн №1 эхэллээ. Хамгийн түрүүнд зөв хариулт ирүүлсэн нэг оролцогч манай клубт ирж, нэг удаа үнэ төлбөргүй бүжгийн хичээл заалгаж, цагаа зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой.

Асуулт №1.
1930 аад оноос Америкт олныг хамран эрчимтэй хөгжиж эхэлсэн, Францаас үүсэлтэй бүжгийн нэрийг хэлнэ үү.
Энэ бүжгийн хөдөлгөөнүүдийн нэршил нь ихэвчлэн франц үг байдаг. Мөн 10 бүжгийн нэгэнд ордог.

Та дорх comment хэсэгт асуултын хариулт болон овог нэрээ бичнэ үү. Ялагчийг зарласнаас хойш манай хичээлийн хуваариас сонгон 7 хоногийн дотор дуртай нэг хичээлдээ үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.

цааш нь...

2011/03/28

10 бүжиг /5 Стандарт, 5 Латин/ - Ballroom dance үргэлжлэл

Социализмийн бүтээн байгуулалтын "зав чөлөөгүй" он жилүүдэд ч төрөөс хүн амынхаа эрүүл мэнд, соёл боловсролд анхаарч, заавал сурах арван бүжиг гэгчийг бүх хүнд эзэмшүүлж байсан.

Харин энэ нийтлэл маань дэлхий дахины " 10 бүжиг"-ийн тухай.
Өмнө нь блог дээрээ товч танилцуулснаа дэлгэрүүлж энэ нийтлэлийг толилуулж байна.

Арван бүжиг нь Европын буюу олон улсын, Америкийн гэсэн ялгаатай. Үүнийг сайтар ойлгуулахын тулд харьцуулсан хүснэгт хийлээ.

ОУ стандарт
Америк Смүүт
ОУ латин
Америк Ритм




ВальсВальсЧа ча ча
Ча ча ча
ТангоТангоРумба
Румба
Удаан фокстрот
ФокстротЖайвзүүн эргийн свинг
Виеннийн вальс
Виеннийн вальс
СамбаМамбо
Хурдан фокстрот

Пасо добле
Болеро

Олон улсын Стандарт бүжигт хосууд хаалттай барьж бүжиглэх бөгөөд эрэгтэй нь өвдөгцөө урттай зориулалтын смокинг, эмэгтэй нь гялалзсан гоёл чимэгтэй даашинз өмсдөг. Харин Америк Смүүт ангиллын бүжигт хосууд нээлттэй барилтаар мөн бүжиглэхийг зөвшөөрдөг бөгөөд эмэгтэйн хувцаснаас элдэв гоёл цацаг унжуулахыг зөвшөөрдөггүй. Учир нь хосууд салж бүжиглэх үед хувцас нь орооцолдон урагдаж болзошгүй гэнэ. Эрэгтэй бүжигчин урт хормойгүй хослол өмсөнө.

Олон улсын Латин бүжигт эмэгтэй нь богино, тачаангуй даашинз, эрэгтэй нь биеийн бүх хөдөлгөөнийг тод харуулах бариу хос өмсөнө. Америк Ритм ангиллын бүжгүүд Олон улсын Латинаас бага зэргийн л ялгаатай бөгөөд хэрэв та эхлэн суралцагч бол энэ ялгааг олж харахад хэцүү.

ОУ Стандарт буюу Европын ангиллын 5 бүжгийг тэмцээн дээр бүжиглэх дэс дараалал:
Сонирхогчийн тэмцээнд:
  1. Удаан вальс
  2. Танго
  3. Виеннийн вальс
  4. Удаан фокстрот
  5. Хурдан фокстрот
Мэргэжлийн тэмцээнд:
  1. Удаан вальс
  2. Танго
  3. Удаан фокстрот
  4. Хурдан фокстрот
  5. Виеннийн вальс



ОУ-ын Латин ангиллын бүжгүүдийг тэмцээнд бүжиглэх дэс дараалал:
Сонирхогчид:
Самба
Ча ча ча
Румба
Пасо Добле
Жайв

Мэргэжлийн тэмцээнд:
Ча ча ча
Самба
Румба
Пасо Добле
Жайв


цааш нь...

Бүжиг - Шүлэг

"Аялгуут хорвоо"

Шүлэг шиг тэнгэрт

Шүлэг бичих шиг шувууд ниснэ

Шүлэг зүрхэнд эгшиглэх шиг дорноос наран мандаж

Шүлэг сэтгэлийг амирлуулах шиг өрнөөс саран мишээнэ

Шүлэг шиг замбуулинд

Шүлэг тэрлэх шиг хувь заяаг үзэглэнэ


Дуу шиг амьдралд

Дуу аялах шиг өдөр шөнө ээлжилнэ

Морин хуурын аялгуунд сэтгэл гэгэлзэх шиг зүүнтээ солонго татаж

Монгол ардын дуунд нулимс мэлмэрэх шиг баруунаас бороо шивэрнэ

Уянга шиг дэлхийд

Уртын дуу шуранхайлах шиг үе удам өртөөлнө


Бүжиг шиг орчлонд

Бүжих шиг цасан бударна

Уран охидын нугараан шиг мөрөн голууд энэ ертөнцийг ундаалж

Уян бүсгүй биелэх шиг тал нутгийн салхи нь сэтгэлийг гижигдэнэ

Бүжиг шиг амьдралд

Бүжиглэх шиг цаг хугацаа зогсолтгүй эргэнэ


Эх сурвалж: www.batkhuu.bblog.mn

цааш нь...

2011/03/24

Оросын Тюмений "Вера" хамтлаг

Оросын Тюмений алдарт Вера хамтлагийг танилцуулж байна. Энэхүү хамтлаг нь дэлхийн аварга шалгаруулах формэйшн латин болон стандартын төрлүүдэд удаа дараа маш амжилттай оролцдог дэлхийд алдартай хамтлаг юм.
Амжилтуудаас нь сонирхуулбал:
- Оросын формэйшн тэмцээний 14 удаагийн аварга
- 2007 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд IV байр
- 2007 оны Дэлхийн аварга
- 2009 онд Германд болсон Дэлхийн аваргын мөнгөн медаль
- 2010 онд Орост болсон IDSF World Formation Latin Championship - с тэргүүн байр
Тэдний тухай Орост төдийгүй дэлхий даяар шагшин шуугиж: "Тюмений аваргууд энэ удаад мөн л аваргаа баталлаа. Тэд энэ жил техник ур чадвар төдийгүй шинэ стил өнгө төрхөөрөө гайхуулж байлаа" хэмээн бичжээ.
"Вера" хамтлаг 5 сарын 7нд болох Европын аварга шалгаруулах формэйшн тэмцээний бэлтгэлдээ орсон гэнэ.

Вера хамтлагийн хамгийн сүүлийн том амжилт болох Дэлхийн аварга шалгаруулах формэйшн латин- 2010 тэмцээний финалын бүжгийг толилуулж байна. Уг тэмцээнд манай улсаас "Star" хамтлаг амжилттай оролцоод ирсэн юм.


цааш нь...