Бүжгийн спорт сонирхогчдын блогт тавтай морил. Та манай блогийн аль нэгэн бичлэгээс иш татах гэж байгаа бол зохиогчийн эрхийг хүндэлж, эх сурвалжийг заавал дурдана уу.
Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

2011/03/28

Бүжиг - Шүлэг

"Аялгуут хорвоо"

Шүлэг шиг тэнгэрт

Шүлэг бичих шиг шувууд ниснэ

Шүлэг зүрхэнд эгшиглэх шиг дорноос наран мандаж

Шүлэг сэтгэлийг амирлуулах шиг өрнөөс саран мишээнэ

Шүлэг шиг замбуулинд

Шүлэг тэрлэх шиг хувь заяаг үзэглэнэ


Дуу шиг амьдралд

Дуу аялах шиг өдөр шөнө ээлжилнэ

Морин хуурын аялгуунд сэтгэл гэгэлзэх шиг зүүнтээ солонго татаж

Монгол ардын дуунд нулимс мэлмэрэх шиг баруунаас бороо шивэрнэ

Уянга шиг дэлхийд

Уртын дуу шуранхайлах шиг үе удам өртөөлнө


Бүжиг шиг орчлонд

Бүжих шиг цасан бударна

Уран охидын нугараан шиг мөрөн голууд энэ ертөнцийг ундаалж

Уян бүсгүй биелэх шиг тал нутгийн салхи нь сэтгэлийг гижигдэнэ

Бүжиг шиг амьдралд

Бүжиглэх шиг цаг хугацаа зогсолтгүй эргэнэ


Эх сурвалж: www.batkhuu.bblog.mn

цааш нь...

2011/03/15

Д. Равжаа "Үлэмжийн чанар"

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ


Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн адилаар
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
цааш нь...

2011/03/14

"Амитаба" Д. Нямсүрэн


Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томъёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?


Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?
Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон - алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...
цааш нь...

Б. Галсансүх

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үөийг туулахад

Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,
Арслан, заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үө өнгөрлөө...
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үө минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үө барагдлаа
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.
цааш нь...

"Амьдралын томъёо" Д. Урианхай

Өөрийгөө үнэнхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!

Үнэмлэхүй аугаа үйлд зорь!

Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд!

Үйлийнхээ үнэ цэнд үнэнхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!

Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь!


Ертөнцийн чанар дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш!

Үхэн үхтэлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз!

Үхэр мэт... яг л үхэр мэт бүү эргэлз
Энэ бөгөөс жаргалтай амьдралын "нууц томьёо"!
цааш нь...

2011/03/02

Шөнийн бүжиг

Үдшийн саран тэнгэрт ододтой бүжиглээд

Урсах усан харгиатан анир чимээгүйг эвдэхэд

Голын хоёр эрэг сэрээд бие биенээ мөрөөсөн

Ганцхан харцаараа л учрах тавилангаа зүхнэ.

Хашхиран догдлох зүрх тэсвэр алдан тэмүүлсээр

Хатуу хана мэт хөндөлсөх хувь заяагаа сөрөн

Харцны өмнө бүжих сормуусаар гүүр хийж

Хайрт хоёр тэрхэн зуур учирвай.

Нүд нь бие биенээ үмхэлж

Гар нь бие биенээ харж

Сэтгэл нь нэг нэгтээ нэгдэхүйеэ

Хяслан болж,

Наран хулгайгаар шагайгаад

Шөнийн бүжиг дуусчээ.

Гол, тэнгэр, сэтгэл бүгд аниргүй. . .

Эх сурвалж: /та дээрх шүлгийг ашиглахыг хүсвэл эх сурвалжийг заавал дурдаж байна уу. баярлалаа/

цааш нь...

2011/02/21

Цасан бүжиг

Тэмээн туйлаадас хаялсан өдөр
Тэр дэггүй хөгжилтэй цасан ширхгүүд
Бидний нүүрэн дээр хайлан унаж
Бишүүрхэл сарниулан хөгжөөнө...
Миний үсэн дээр наадсан цасан цэцгүүдийг чи илбэхэд
Мөрөөдлийн цэнхэр шувуу чиний мөрөн дээр сууна
Тэр шувууны авчирсан шидэт зурвасыг задлахад
Томоос том цасан талстууд эргэлдэн эргэлдэн бүжнэ байх даа
Тэмдэгт тэр зурвасыг задалж асгарсан үгсийг түүлээ...
Г.Нармандах
цааш нь...

Энэтхэг бүжиг /Ч.Чимид/

Бөмбөр нижигнэв
Дэншиг хангинав
Гүндээ
Бүжигчин бурхны дүрстэй
тайз цэлийлээ
Хөлдөө
Жижигхэн хонхны эрхитэй охин гарлаа
Тэр охины сайхныг
Тэнгэрийн дагина шиг
гайхмыг
Ширтэсхийж баахан харах гэсэн нь
Хиртхийж цочсон юм шиг болсон нь
Хөгжмийн аялгуунд автсан юм байж
Бүжгийн хөдөлгөөн давтсан юм байж
Дун цагаан шүд нь яралзаж

Дуран хар нүд нь тормолзож
Хун шувууны далавч шиг
хоёр гар нь үелзэж
Хулан тахийн шилбэ шиг
нарийн хөл нь туялзаж
Бүжиг эхэллээ,
Жүжиг гарлаа
... Гэв гэнэт
Эртний угалз болоод махирлан тахирлах шиг
Гэтэл бас
Эрдэний чулуу болоод гялтганан цавцалзах шиг
Идийг үзүүлнэ
Шидийг таниулна
Ам нь хөдлөхгүй мөртөө
Аминчилж надтай ярих шиг

Амьдрал, жаргал дурлалын
Алтан үлгэр тоочих шиг
Хорвоо дэлхийн алзашгүйг
Хонгор сэтгэлийн халдашгүйг
Бүжгээр биш үгээр
Сүжгээр биш үнэнээр
Зөвхөн над ярих шиг,
Зөөлөн амьсгаа нь ойртох шиг,
Өөрөөс нь бусад юм
Өртөж харагдахгүй болтол
Энэ танхимын чийдэн
Энэтхэгийн нар шиг гялбатал
Сарнай цэцэг
Хамар өөд сэнгэнэтэл
Сайхан дуу
Чихэн дотор хангинатал
Бүжиж чадах урлагийг
Үзэж суух ялдмыг
Хичээж зориуд санахгүй ч,
Хэзээ ч гэсэн мартахгүй ...

цааш нь...