2011/03/19
"Star" хамтлаг
Тэд Англи, Унгар, Польш, Румыны чадварлаг, туршлагатай багуудыг ардаа орхисон байна. Тэмцээнд Оросын Тюмений "Вера" хамтлаг тэргүүлж, Литвийн "Zuvedra Klaipeda A" удаалж, Германы "Green-Gold-Club Bremen" хамтлаг гуравдугаар байрт шалгарчээ. Ази тивийн ганц төлөөлөл болсон "Стар" хамтлаг анх удаа бүжгийн спорт өндөр хөгжсөн орнуудтай ДАШТ-д оролцож багагүй амжилт үзүүлсэн байна.
Та тэдний бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
цааш нь...
2011/03/17
Бүжиг- Эрүүл мэндэд үзүүлэх 4 сайн нөлөө
Бүжгээр хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон талын өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч асар олон давуу чанарыг мэдрэх болно. Та бүхэндээ бүжигчний сэтгэл зүй, бүжгийн зөвлөгөөгөөр мэргэшсэн about.com сайтын зөвлөгч, доктор Трева Бедингхаусын нийтлэлийг орчуулан хүргэж байна.
- Уян хатан байдал
Уян хатан чанар бол эрүүл биеийн хамгийн чухал шинж. Бүжигт маш их уян хатан байдлыг шаарддаг. Бүжгийн хичээл дандаа бие халаах буюу сунгалтын дасгалаар эхэлдэг. Бүжгээр хичээллэж байгаа хүн бүх л булчингаа ажиллуулж, хөдөлгөөн бүрийг далайцтай, төгс гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Үүний үр дүнд булчингууд уян хатан болдог. Бүжигт гэдийх, бөхийх, цээжний суналт зэрэг хөдөлгөөн их байдаг тул бүжгээр хичээллэж буй хүн яваандаа маш уян хатан болдог билээ.
- Хүч тамир
Хүч тамир гэдгийг булчингийн хүч гаргах чадвар гэж болно. Бүжиглэх үед тухайн хүний биеийн жингийн эсрэг булчин хүчтэй ажилласнаар булчин аяндаа хүч тамиртай болдог. Жаз болон баллет бүжиглэхэд дээш үсрэх болон харайх хөдөлгөөн их байдаг. Энэ нь хөлийн булчинг маш хүчирхэг болгоно. Латин болон стандарт бүжигт бүх булчин жигд, маш сайн хөгждөгөөрөө гайхалтай. Хослон бүжиглэгч эмэгтэйгээ толгой дээрээ өргөж байгаа эрэгтэй бүжигчний булчинг та сайн анзаараарай.
- Тэсвэр тэвчээр
Бүжиг бол дасгал хөдөлгөөний нэг төрөл. Бүхий л дасгал хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сайжруулдаг. Тэсвэр тэвчээр гэдгийг хүний булчин олон цагийн турш огт ядралгүйгээр эрчимтэй ажиллах чадвар гэж ойлгож болно. Бүх төрлийн бүжиг, ялангуяа маш их эрч хүч шаарддаг латин бүжгээр хичээллэдэг хүний тэсвээр тэвчээр гайхалтай байдаг.
- Эрүүл байх мэдрэмж
Бүжиг бол идэвхитэй амьдралын нэг хэлбэр. Олны дунд орж, бүжгийн анд нөхөдтэй болох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, аливааг эерэгээр харахад тусалдаг болохыг судлаачид тогтоожээ. Бүжиглэх нь бусадтай танилцах олон боломжийг нээж өгдөг. Бүжгийн клубт хичээллэснээр өөртөө итгэлтэй болж, хүмүүстэй харилцах чадвар дээшилнэ. Учир нь биеийн дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, халуун дулаан орчин бий болох агаад тогтмол бүжиглэснээр эрүүл биетэйгээ мэдрэх гайхалтай мэдрэмжийг авах болно.
цааш нь...Бүжигчний хоолны дэглэм- Зөвлөгөө
Бүжгээр хичээллэж буй хэн боловч зохистой хооллох хэрэгтэй байдаг. Хоол хүнсээр дамжуулан биедээ хэрэгтэй “шатахуун”-ыг авч байвал бүжгийн хурд хүч ч мэдэгдэхүйц сайжирдаг ажээ. “Бүжигчний хоолны дэглэм”-д баримтлах хамгийн чухал зарчим нь нүүрс ус, уураг, өөх тосны хэмжээг зөв тэнцүүлж, витамин болон амин дэмүүд хэрэглэж, хангалттай шингэн нөхөж байх явдал юм.- Нүүрс ус:
Бүжгээр хичээллэж байгаа хүний хоол хүнсний нийт агууламжийн 50-65%-ийг нүүрс ус эзэлж байх ёстой.
Нүүрс усаар баялаг хүнс: үр тариа /эрдэнэ шиш, будаа гэх мэт/, гоймон, талх, төмс
- Уураг
Булчингийн хэмжээ нэмэгдэхэд уураг хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс хоолны агууламжийн 12-15%-ийг уураг эзэлбэл хамгийн зөв харьцаа болдог.
Уургаар баялаг хүнс: өөхгүй мах, тахианы мах, төрөл бүрийн шош, буурцаг, дүүпүү
- Өөх тос
Маш олон бүжигчин жин нэмэхээс айж өөх тосноос татгалздаг. Гэвч өөх тос дутсанаар хүний хурд хүч буурч, засч болшгүй өвчин эмгэгийн шалтгаан болох нь бий. Тиймээс хоолны агууламжийн 20-30%-ийг өөх тос эзэлж байх ёстой.
Анхаарах зүйл: Ханасан өөх тос багатай буюу авокадо, самар, далайн гаралтай хоол хүнс идэж, өөх тосны хэрэгцээгээ хангавал сайн.
- Витамин буюу амин дэмүүд
Амин дэмүүд нь энергийн эх үүсвэр болж, эсийн нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биед хэрэгцээтэй витамин болон амин дэмүүдийг олж авахын тулд бүжигчин хүн өдөртөө 5аас доошгүй жимс идэж, хоолондоо хөх тарианы талх болон үр тариаг байнга хэрэглэх нь зүйтэй. Монголын нөхцөлд сайн чанарын жимс, үр тариа олдоход бэрхшээлтэй тул олон төрлийн витаминыг тунгаар нь эмийн сангаас авч уувал дээр болов уу. Учир нь манайд ихэнх жимс ногоо гаднаас экспортоор орж ирдэг, элдэв химийн бодисоор бордоогүй байгалийн гаралтай жимс ногоо мөн эсэхэд эргэлзээтэй байдаг.
- Шингэн
Биеийн темпратурыг тогтмол байлгах, бодисын солилцоо, давс болон хүчлийн тэнцвэрийг хэвийн байлгах, биеэс хорт бодисыг зайлуулахад УС хамгийн чухал. Бүжиглэх үед хүний биеийн халуун нэмэгдэж, халууныг бууруулах шаардлагаар хөлс ихээр ялгардаг. Тиймээс бүжигчин хүн хөлсөөрөө маш их шингэн алддаг тул бүжиглэхээсээ өмнө, мөн дасгалын дундуур болон дараа маш бага хэмжээтэй зэрэг УС уух хэрэгтэй.